/ / О.ГАНБАТ: ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО МАЛЫН ХУЛГАЙГ БУУРУУЛАХАД ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

О.ГАНБАТ: ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО МАЛЫН ХУЛГАЙГ БУУРУУЛАХАД ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

О.ГАНБАТ: ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО МАЛЫН ХУЛГАЙГ БУУРУУЛАХАД ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбаттай ярилцлаа.

-Та Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдоод удаагүй байна. Өмнө нь хаана ажиллаж байгаад Чингис хааны голомт нутаг руу очив. ЭЦГ-т байсныг тань мэдэх юм.

-Тийм ээ. ЭЦГ-т 10-аад жил ажиллаж, ихэвчлэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хүн амины гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байлаа. Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдоод зургаан сар болж байна.

Үүнээс өмнө Булган аймгийн Цагдаагийн газрын даргаар дөрвөн жил ажилласан. 2016 оны аравдугаар сарын 1-нээс эзэн Чингис хааны гал голомт болсон Хан Хэнтий нутгийн Цагдаагийн газрын даргын албыг хаших боллоо.

-Эрүүгийн нөхцөл байдал Хэнтийд ямар байна вэ. Нутгийнхнаас сонсож байх нь ээ онц хүнд гэмт хэрэг нэг их дуулдахгүй, малын хулгай ч буурсан гэдэг.

-Энэ оны эхний гурван сарын байдлаар 99 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа, гэмт хэргийн илрүүлэлт 73.9 хувьтай байгаа нь урьд жилийнхээс 10.6 хувиар өссөн. Буурсан гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг буурсан, үүн дотроо өмчийн хулгай 23.5, малын хулгайн гэмт хэрэг 22.7 хувиар багассан.

Танхайрах гэмт хэрэг 20 хувиар буурсан, ер нь эдгээр төрлийн гэмт хэрэг улс орны хэмжээнд дийлэнх хувийг эзэлдэг, тийм ч учраас гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажилласны үр дүн гэж үзэж байгаа.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 1354 өргөдөл, гомдол хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 359-өөр буюу 26.7 хувиар өссөн. Эдгээр гомдлын 235 буюу 17.3 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 1119 (82.6 хувь) нь захиргааны зөрчлийн шинжтэй байлаа.

Гэмт хэрэг буурч байгаа шалтгааныг авч үзэхэд цагдаагийн алба хаагчид маань урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой төлөвлөн, нутгийн өөрөө удирдах байгууллагатай нягт хамтран ажилласны үр дүн гэж харж байна.

Тэгээд ч гэмт хэргийг үйлдэгдсэн хойно нь араас нь шалгах биш, гаргахгүй байх талаас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулж, эргүүл, шалгалт, цагийн менежменттэй замын хяналт, яриа таниулга, хууль сурталчилсан, аливаа төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэдэд таниулан ойлгуулах чиглэлээр сургалт, зөвлөгөөнүүдийг хийж, иргэдтэйгээ ойртон хамтран ажиллах нь хамгийн үр дүнтэй байдаг.

Тийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулснаар гэмт хэрэг буурч захиргааны зөрчлийн илрүүлэлт өссөн дүнтэй гарсан байгаа юм.
-Эд зүйлээ алдсан иргэд хохирлоо хурдан төлүүлмээр байна гэдэг шүү дээ. Ер нь хохирлыг төлүүлэх ажилд хэрхэн анхаарч буй бол?

-Иргэдийн биднээс хүлээж байдаг гол зүйл бол хохирол нөхөн төлүүлэлт байдаг. Энэ чиглэлээр холбогдох тасаг албадуудад үүрэг чиглэл өгч, Прокурорын байгууллагатай хамтран ажилласнаар хохирол нөхөн төлүүлэлт 5.3 хувиар өссөн байгаа.

-Орон нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил их гардаг шүү дээ. Ийм зөрчил гаргагчдад ямар хариуцлага тооцож байна вэ?

-Цагдаагийн албаны гол ажлын үзүүлэлт болсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчил илрүүлэх ажлын тухайд энэ оны эхний улирлын байдлаар 3494 зөрчил бүртгэгдэж, 219.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил 2.1 дахин, төлбөрийн хэмжээ 1.6 дахин өссөн байгаа юм.

Тэр дундаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1.9 дахин өссөн байна. Графикаар зурвал зөрчлийн багана өсөж, гэмт хэргийн багана нь буурч байвал зөв үзүүлэлт гэж үздэг. Гэмт хэрэг гарахаас өмнө таслан зогсоож байгаа нь зөрчлийн баганыг өсгөж байгаа юм. Гэмт хэргийг үйлдэгдэхээс нь өмнө таслан зогсоож, урьдчилан сэргийлж ажиллах тал дээр манай цагдаагийн алба хаагч нар хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.

-Гэмт хэрэг, захиргааны зөрчил гарч байгаа шалтгаан нь юу юм бэ. Эргүүл шалгалт байнга явуулснаар аливаа хэрэг гарахаас сэргийлж чадаж байна уу?

-Гол шалтгаан бол иргэдийн эрх зүйн мэдлэг, дутмаг байдал их нөлөөлж байна. Цагдаагийн байгууллагаас олон нийтийн газрыг байнгын хяналтад авч, эргүүл, шалгалтыг нэмэгдүүлэн оновчтой зохион байгуулах, камержуулсны үр дүнд гудамж, олон нийтийн газар архи уудаг, танхайрах зөрчлүүд буурч, ахуйн хүрээнд гэр хороолол руу шилжиж байна.

Тиймээс иргэдийн эрх зүйн боловсролыг сайжруулах шаардлага бий. Түүнээс гадна эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор ажилгүйдэл ихэссэн нь гэмт хэрэг, зөрчилд холбогдох өөр нэг шалтгаан болж байна.

Бид Хэнтий аймагт гарч буй гэмт хэргийг цаашид бууруулах зорилгоор ХСИС-ийн Цагдаа судлалын тэнхим, аймгийн ГХУСАЗСЗ хамтраад иж бүрэн судалгааны ажил хийж байна. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд ойрын 10 жилд гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх талаар бодитой судалгаа, дүгнэлт гаргах ажил хийх юм.

Мөн шаардлагатай техник хэрэгсэл, камержуулалт, хууль сурталчлах ажлыг хэрэгцээтэй газарт нь зохион байгуулахад дэвшил гарна гэж үзэж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн ИТХ-аас тогтоол гарч, ажлын хэсэг байгуулж, төрийн захиргааны байгууллагуудын ажилтнуудыг багтаасан. Энэ судалгааны зардлыг аймгийн Засаг дарга, ГХУСАЗСЗ-өөс гаргаад байна.
-“Архидалтгүй Хэнтий” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна лээ. Ямар үр дүн гарч байгаа байна вэ?

-Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдан хэрэгжүүлж эхлээд байгаа “Архидалтгүй Хэнтий” дэд хөтөлбөрийн хүрээнд Хан Хэнтий нутгийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг нэн түрүүнд хийж хэрэгжүүлж, эхэлж байна. Сумдын Цагдаагийн тасгийн алба хаагчид хариуцсан сум, орон нутагтаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн цогц сургалтыг энэ улиралд зохион байгуулж, архинаас үүдэлтэй хүчирхийллийн хор уршгийг иргэдэд таниулан ойлгуулах ажлыг маш сайн хийж гүйцэтгэсэн.

Аймгийн төвд архидалттай тэмцэх чиглэлээр олон ажил хийж эхэллээ. Аймгийн төвийг иж бүрэн камержуулах, орон сууцны орц бүрийг, гэр хорооллын гудамжуудыг камержуулах ажлыг эхлүүлээд явж байна. Энэ нь мөн л архидалттай тэмцэх, зөрчлийг бууруулахад уялдаа холбоо бүхий томоохон ажил юм.

Бид дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж зөрчлийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэгдэхээс нь өмнө таслан зогсоох ажлыг зохион байгуулснаар олон нийтийн газар, гудамж талбайд архидан согтуурах, үүнээс үүдээд танхай болон бусад төрлийн гэмт хэрэг буурсан. Энэ л одоогийн үр дүн байна, цаашид олон нааштай өөрчлөлтүүдийг гаргаж ажиллана гэж бодож байна даа.

-Хотод ойрхон учраас малын хулгайн хэрэг гарах нь элбэг байсан. Үүнийг хэрхэн бууруулав?

-Хэнтий аймаг гэмт хэргийн гаралт, тэр дундаа малын хулгай их гардаг, эрүүгийн нөхцөл байдал хүндэд тооцогддог байлаа. Манай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, маш үр дүнтэй ажилласний дүнд гэмт хэрэг буурч байгаа юм. Энэ зөвлөл маань сум, орон нутгийн салбараа мэргэжлийн удирдлагаар маш сайн хангаж ажиллаж байна.

Цагдаагийн газартай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийж байгаагийн илрэл нь дээр дурдсан тоон үзүүлэлтүүд юм л даа. Нэг хэсэг 1500-гаас буурдаггүй байсан гэмт хэрэг сүүлийн жилүүдэд 1000, өнгөрсөн онд 440 гаруй болсон нь энэ салбар зөвлөлийн ажлын үзүүлэлт юм шүү.

Мал хулгайлах гэмт хэргийг бууруулж байгаа, бусад аймагт байхгүй хамгийн сайн жишээ бол мал, мах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавьж буй хяналтын тогтолцоо юм. Гарал үүслийн гэрчилгээ олгоход маш сайн хяналт тавьж байна.

Бусад аймагт тэр бүр хэрэгждэггүй хяналтын тогтолцоо сайн учраас гарал үүслийн гэрчилгээгүй амьд мал, малын мах, арьс шир Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, гарахад олон хяналт, шалгалтад хамрагддаг юм. Энэ нь малын хулгайн гэмт хэргийг бууруулахад түлхэц өгч байгаа.

-Камержуулсны үр дүнд гудамж талбайд гардаг гэмт хэрэг буурч байна гэж та дээр хэллээ. Чингис хотыг камерын хяналтад бүрэн авч чадсан уу?

-Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах чиглэлээр олон ажил хийж байна. Хэнтий аймгийн Чингис хотод өмнөх жилүүдэд тавьсан камерын системийг өргөтгөх зорилгоор шинээр зураг, төсөв хийлгэж, Удирдлагын нэгдсэн системд холбохоор ажлаа эхэлсэн.

Төвлөрсөн сум, суурин газарт телекамер тавихаар 18 сум, гурван тосгонд зураг, төсөв шинээр хийлгэж, ойрын жилүүдэд суурилуулахаар төлөвлөсөн.

-Зарим сумын Цагдаагийн хэсгийг тасаг болгон өргөтгөсөн байна лээ. Бүтцийн өөр ямар өөрчлөлт хийв?

-Бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийсэн. Бор-Өндөрт байсан Цагдаагийн тасгийг сум дундын Цагдаагийн хэлтэс болгон өргөтгөж, хүн хүч, техник хэрэгсэл, төсвийг нь нэмэгдүүллээ. Жаргалтхаан, Биндэр, Батноровын Цагдаагийн хэсгийг тасаг болгон өргөтгөсөн.

Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэлтийг ахиулах зорилгоор аймгийн Цагдаагийн газрын Малын хулгайтай тэмцэх хэсэгтээ мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч тус бүр хоёрыг нэмж томилуулан, энэ төрлөөр мэргэшүүлэх чиглэлээр ажиллуулж байна.

-Дорнод, Сүхбаатараас нийслэлийг зорьж буй автомашинууд Хэнтийгээр дайрдаг. Зам дагаад хөгжил ирдэг хэдий ч хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц осол, хэрэг гараад байдаг.

Үүнийг бууруулах чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа бол?

-Зүүн гурван аймгийг нийслэлтэй холбосон магистрал автозам Хэнтийгээр дайрдаг. Энд осол, хэрэг гарах нь их байна. Үүнийг бууруулах зорилгоор замын зорчих нөхцөл, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, нэмэгдүүлэх ажил эхний ээлжинд хийж байна. Орон нутгийн “Харгуй”, Багануурын “Багануур” АЗЗА-тай хамтран энэ ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймаг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаад ажиллаж байгаа юм.

Засгийн газрын 153 дугаар тогтоолд 150 км тутамд автозамын хяналтын цэг байгуулахаар заасан байдаг. Энэ ажлыг хэрэгжүүлэх үүднээс Цэнхэрмандал суманд хяналтын иж бүрэн төв байгуулахаар Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан. Улмаар 85 сая төгрөг хөрөнгө гарган үүнийгээ барьж байна.

Хуучны нэг вагончик аваачаад тавьчихгүй, шилэн фасадтай, хүн ажиллаж амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлсэн, ганц замын цагдаа суугаад байхгүй, мэргэжлийн хяналт, онцгой байдал, автотээврийн газар, байгаль орчны байгууллага гээд олон байгууллага хамтран ашиглах боломжтой байр барьж байгаа.

Мөн хүнд даацын автомашинуудад ачсан барааг ч жинлэх боломжтой пүү байршуулах бололцоог бас бүрдүүлсэн. Энэ мэт олон ажил хийж байгааг тоочоод барахгүй биз ээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор согтуурал хэмжигч багаж (Драйгер), бэлэн бус торгуулийн машин (police reader) бүх сумын цагдаа, хэсгийн төлөөлөгчид олгож байгаа.

-Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарынхаа нийгмийн баталгааг сайжруулахгүй бол болохгүй юм шиг санагддаг. Хэдэн жилийн өмнө кобан барьж өгсөн нь одоо муудаж, хүн суух аргагүй болсон нь ч бий.

Алба хаагчид руугаа чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гэвч хүрэх түвшин нь харилцан адилгүй. Ажил бага бол алба хаагчдаа цагт нь тараачихдаг, ар гэртээ цаг зав гаргадаг байхаар л зорьж байна. Орон сууцжуулах, өмчлөлийн газраар хангах, бага орлоготой алба хаагчиддаа байшин барьж өгөх зорилго тавьсан, эхнээсээ хийж хэрэгжүүлээд л явна.

Сумдад цагдаагийн алба хаагчид бүгд л кобан байранд амьдарч байгаа. Өөрийн чинь хэлснээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь олон. Тиймээс ашиглалт хангалтгүй, нэгөрөөнийхөө мухарт гал түлээд л ажлаа ч хийж сууна, амьдарч ч байна.

Анхнаасаа засвар үйлчилгээний зардлыг нь төсөвт суулгаагүйгээс ийм байдлаар хүн амьдрахад бэрх болж эхэлсэн. Сумдын удирдлагуудтай ярилцан кобан байрыг засах аян өрнүүлж байна.

-ЦЕГ-ын мэдэлд энэ кобанууд байдаг бил үү. Орон нутагт нь шилжүүлж болдоггүй юм уу?

-Кобаныг орон нутгийнх нь өмчид шилжүүлэх шаардлагатай. Ашиглалтын зардал, урсгал засварыг сум орон нутаг уг нь бүрэн хариуцдаг баймаар байна. Тухайн сум орон нутгийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, сахиулах чиглэлээр томилолт өвөртлөн очиж байгаа цагдаагийн алба хаагчдын амьдрах орчныг тухайн сум анхаарах хэрэгтэй санагддаг.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин Сэтгүүлч Г.Цолмон

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
Эрэн сурвалжилж байна