/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.БАТ-ӨЛЗИЙ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД 4585 ХҮНИЙ ОРОН ТОО ШААРДЛАГАТАЙ БАЙНА

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.БАТ-ӨЛЗИЙ: ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД 4585 ХҮНИЙ ОРОН ТОО ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин 

Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоо, албаны хууль, дүрэм өөрчлөгдөж, өнгөрсөн оноос Цагдаагийн албаны тухай, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Дотоодын цэргийн тухай хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нилээд шинэчлэлтүүд хийгдсэн. Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзийг урьж оролцуулан, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа.

Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилт хэрхэн явагдаж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

Улс орны нийгэм, эдийн засгийн болон өнөөгийн бусад нөхцөл байдлуудад нийцүүлэн, цагдаагийн албаны практик үйл ажиллагаанд хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байсан хүндрэлүүдийг арилгах, зайлшгүй зохицуулах “орхигдсон” зарим асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага бидэнд тулгарсан.

Дээрх асуудлуудыг хуульд нэмэлтээр тусгаж, шийдвэрлэх зорилгоор 2016 оны сүүлчээр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэн батлуулж, өнгөрсөн оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөөд жилийн хугацаа өнгөрч байна.

Шинэчлэн найруулсан хуульд нийцүүлэн Засгийн газрын тогтоолоор 12, Хууль зүй, дотоод хэргийн сайдын дангаар болон хамтарсан тушаалаар 10, Цагдаагийн төв байгууллагын даргын дангаар болон хамтарсан тушаалаар 19 дүрэм, журам, заавар, стандартыг тус тус ажлын хэсэг гарган боловсруулж, батлуулан үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн.

Шинэчилсэн найруулгаар алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгааг хангах чиглэлээр нилээдгүй анхаарч хуульчилж өгсөн бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээс хойш алба хаагчдын албандаа хандах хандлага сайжрах, итгэл үнэмшил дээшлэх зэргээр эерэг үр дүнгүүд гарч байгаа.

Мөн хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжилтийг хангуулах үүднээс Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагалдан гарсан журмуудыг сурталчлан таниулах сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Цагдаагийн байгууллагын бүтэц хэрхэн шинэчлэгдсэн вэ. Цөөнгүй алба, хэлтсүүд шинээр байгуулагдсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Цагдаагийн албаны тухай, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Дотоодын цэргийн тухай хуулиуд өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн.  

Батлагдсан хууль тогтоомж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэртэй уялдуулан хүний нөөцийг оновчтой зөв байршуулах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс ихээхэн анхаарал хандуулж, судалгааны үндсэн дээр бүтэц, зохион байгуулалт хийгдсэн болохыг алба хаагчид мэдэж байгаа.

Цагдаагийн төв байгууллага, Эрүүгийн цагдаагийн  алба, Мөрдөн байцаах алба, Хэрэг бүртгэх алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Дотоодын цэргийн штаб, 05, 805 дугаар анги, Нийслэлийн цагдаагийн газар болон харьяа нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсан.

Энэ бүтэц алба хаагчдын орон тоо, ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд хангалттай юу. Аль эсвэл дутмаг байна уу?

Бусад орны цагдаагийн байгууллагын хувьд орон тоо, хүн хүч, төсөв санхүүгийнхээ тооцооллыг хүн амын тоо, газар нутгийн байршил, хэмжээ, нөхцөл байдалтайгаа уялдуулан тогтоож, нэмэгдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл тогтоосон “жишиг стандарт”-аа баримтлан хөрөнгө санхүү, хүн хүчээ шийдвэрлэж байна. Манай улсын хувьд Засгийн газрын 2011 оны “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 153 дугаар тогтоолоор “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-ыг баталсан бөгөөд нормативын дагуу өнөөдөр цагдаагийн байгууллагад 4585 орон тоо шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байдаг. Энэ нь зөвхөн шаардлагатай хүний тоо юм.

Сүүлийн 4-5 жилд цагдаагийн байгууллагад орон тооны хувьд өөрчлөлт хийгдээгүй. Энэ нь улс орны эдийн засгаас шууд хамааралтай. Цаашид нөхцөл байдал сайжрахын хирээр шаардлагатай орон тоо, техник хэрэгсэлийн төсөв, зардал үе шаттайгаар шийдвэрлэгдэж, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэдэгт итгэлтэй байдаг. Бид одоогийн нөхцөл байдал, ажлын ачаалалдаа тохируулан байгаа орон тоо, хүн хүчээ дотооддоо шилжүүлэх, сэлгэж ажиллуулах замаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Аль болох хүний хүчин зүйлийн шууд оролцоогүйгээр, техник технологи, зохион байгуулалтын ямар шинэлэг арга хэрэгсэл байна. Түүнийг эрж хайн, хуульд заасан чиг үүргээ биелүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлэхэд анхаарч байна. 

Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн томилолт, шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ.

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас хүний нөөцийн бүх асуудалд хууль, журмын дагуу шатлан ахих зарчмыг баримтлан шийдвэрээ гаргаж байна. Төрийн алба шударга ёс, хууль дээдлэх зарчмаар явж, хөгжин дэвжих учиртай.

Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжийн болон цагдаагийн байгууллагад удаа дараа хийгдсэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтүүд, удирдах албан тушаалтнуудын олон удаагийн халаа, сэлгээ, томилгооноос болж алба хаагчдыг мэргэшүүлэх ажил төдийлөн хангалттай хийгдээгүй нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тал байгаа.

Мөн аливаа улс төрийн нам эвсэл, танил талаасаа дэмжлэг авч удирдах албан тушаалд томилогдох, цол, шагнал авахыг хүсдэг, эрмэлздэг асуудал тодорхой хугацаанд цагдаагийн байгууллагад байсныг нуух шаардлагагүй юм.

Одоо бид бүх  шатны алба хаагч нартаа мэдээ, мэдээлэл, удирдлагын үүрэг, чиглэл, шийдвэрийг цаг тухай бүрд нь хүргэж, хэрэгжилтийг нь хангуулж байна. Ялангуяа анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа алба хаагч нарт бүх үүрэг чиглэл, мэдээ, мэдээлэл  зэрэг хүрч байх тал дээр анхаарч, хяналт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд алба хаагч нарын зүгээс болон бусад байгууллага, албан тушаалтнаас байгууллагын хүний нөөцийн бодлого, шийдвэрт нөлөөлөн оролцох, санал хүсэлтээ шууд илэрхийлэх асуудал арилсан гэж ойлгож болно.

Ер нь алба хаагчид маань томилогдсон ажлын байр, албан тушаалдаа хичээж зүтгэж, хамт олныхоо итгэл, сайшаалыг хүлээж, ажилдаа “эзэн нь” байж гэмээ нь ахиж дэвшинэ гэдэг нэгдсэн ойлголтод хүрч, холбогдох хуулийн зарчим, удирдлагын барьж буй бодлого, шийдвэрт талархалтай хандаж байна.

Хууль, эрх зүйн баримт бичгийн хувьд Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 онд баталсан “Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичиг”, 2017 онд баталсан “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам” болон бусад холбогдох эрх зүйн актын дагуу байгууллагын хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагыг аль болох оновчтой тодорхойлж, эрүүл, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхийг дээшлүүлэхэд анхаарч, томилолт, шилжилт хөдөлгөөнийг хийж байна.

Энэ оны эхний улиралын байдлаар авч үзвэл харьяалах үндсэн нэгж, албадаас нь сонгон шалгаруулан офицер албан тушаалд 118, ахлах, чиглэлийн ахлах албан тушаалд 79, тасаг, хэсгийн даргаар 33 алба хаагчийг тус тус дэвшүүлэн томилуулахаар санал гаргасныг хянаж үзээд томилсон шийдвэр гаргасан.

Та нэгж дээр ажиллаж байгаа алба хаагч нарт үүрэг чиглэл зэрэг хүрч байгаа эсэхэд хяналт тавьж байгаа талаар дурдлаа. Яг цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүн, нэгж дээр ажиллаж байгаа алба хаагч нарт цагдаагийн байгууллагын бодлого чиглэл хүрч чадаж байна уу.

Цагдаагийн байгууллагын төдийгүй төрийн дээд шатны байгууллагын бодлого, шийдвэр бүх шатанд, нийт алба хаагч нарт зэрэг хүрч, хэрэгжиж байх ёстой.

Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудаас алба хаагчдынхаа үүрэг гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудал, хүндрэл, бэрхшээл, ажиллаж буй орчин нөхцөлтэй танилцах, санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх чиглэлээр нийт 3500 гаруй алба хаагчтай уулзалт зохион байгуулж, түүний мөрөөр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлж байна.  Тухайлбал:

Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн  алба хаагч нартай биечлэн уулзаж, хэлтсийн дарга, удирдлагуудын ажлын байрны зураг авалт хийх ажлыг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласан.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын цагдаа-жолооч нартай уулзалт зохион байгуулж, тэдний санал, хүсэлтийг сонсож, автомашин, дүрэмт хувцас, тусгай хэрэгслийн чанарыг сайжруулах, эдэлгээ нормыг нь бодитой тогтоож өгөх, худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах талаар шийдвэр гаргасан.

Энэ жилээс эхлэн алба хаагчид руу чиглэсэн соён гэгээрүүлэх чиглэлийн үйл ажиллагаануудад ихээхэн анхаарч байна. Энэ ажлууд хэр зэрэг үр дүнтэй байна вэ?

Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр энэ оны эхэнд Хүний нөөц, сургалтын хэлтсийн бүтцэд Соён гэгээрүүлэх, албаны сургалтын тасгийг 5 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр шинээр байгуулан ажиллуулж эхэлсэн.

Энэ нэгж нь цагдаа, дотоодын цэргийн  байгууллагын сургалт, соён гэгээрүүлэх ажлын хэрэгцээ, шаардлагыг судлан, алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, соён гэгээрүүлэх ажлыг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг дээшлүүлэх, алба хаагчдын идэвх, санаачилгыг өрнүүлэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэргээр энэ онд хэрэгжүүлэх, алба хаагчид руу чиглэсэн 36 төрлийн ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.   

Соён гэгээрүүлэх ажил, сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлснээр байгууллага, алба хаагчдын соёл дээшилж, албандаа хандах хандлага, идэвх, санаачилга нэмэгдэн, хамт олны уур амьсгал сайжирч, байгууллагын үнэ цэнийг бүтээгч ажилтан, алба хаагчдыг төлөвшүүлэхэд түлхэц болно гэж харж байгаа.

2018 онд цагдаагийн байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд хэрхэн анхаарч байна вэ?

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, ил тод, шударга, шуурхай, хуульч ажиллагааг хэвшүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлж, энэ оны эхний 01 дүгээр сард “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2018 оны сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан.

Сургалт, зөвлөгөөний сэдэв, агуулгыг удирдах ажилтны манлайлал, арга барилыг дээшлүүлэх, хөгжүүлэхэд чиглүүлж, байгууллагын хөгжил, манлайлал, мэдлэг, инновацийн удирдлага, удирдлагын үйл явц дахь ёс зүй, мэдээллийг багцлах, олон нийтэд түгээх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд хичээл, сургалтыг зохион байгуулж явуулсан.

Шат шатны удирдах ажилтнуудыг үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, харилцаа хандлага, ёс зүйгээ дээшлүүлэхийг шаардаж, шахаж ажиллаж байна. Ялангуяа тэднийг хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, манлайлагч нь байх ёстой гэсэн шаардлага тавьж, удирдлагын зүгээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан удаа дараа үүрэг, ажлын чиглэл өгсөн.

Аливаа байгууллага, нэгжийн удирдлагаас тухайн байгууллагын өнгө төрх тодорхойлогдож, үйл ажиллагаа нь ихээхэн хамаарч байдагт маргахгүй бизээ. Бид ялангуяа бүх шатны удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тэднийг шилж сонгон, томилоход ихээхэн анхаарлаа хандуулж, шалгуур тавьж байгаа. Нэгэнт томилогдсон бол манлайлагч нь байх үүрэг хариуцлага, шаардлага давхар ноогдож, түүнийг биелүүлж, итгэл дааж, хичээж ажиллах ёстой. Үгүй бол хариуцлага хамт яваа гэдгийг зөвхөн манай удирдах ажилтнууд төдийгүй, нийт алба хаагчид мэдэж, хичээж ажиллаж байгаа.

Энэ онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах ажилтныг бэлтгэх, давтан, мэргэшүүлэн сургах үйл ажиллагааны үр дүн, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох чиглэлээр Хууль сахиулахын их сургуультай хамтран ажиллаж, алба хаагчдыг сургалтад хамруулж эхлээд байна.

Мөн байгууллагын соёл, харилцаа, хамтын ажиллагаа болон идэвхжүүлэлт, өөрчлөлтийг удирдах арга зүйн хүрээнд “Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг ойрын үед боловсруулж хэрэгжүүлнэ.

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Цагдаагийн байгууллагаас 2015-2017 онуудад нийт 778 алба хаагчийг зах зээлийн үнээс хямд,  хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орууллаа.

Мөн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 2016 онд 5852, 2017 онд 7598 алба хаагчийг хамруулсан.

Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдсан нийт алба хаагчдын 50.0 хувьд мэргэжлээс шалтгаалах өвчний шинж тэмдэг илэрсэн. Өөрөөр хэлбэл өвчлөлтэй гарсан гэх судалгаа байна. Ер нь эрүүл, чийрэг бие бялдартай байж ажиллаж, амьдарна шүү дээ.

Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу 2018-2020 онуудад “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд төслөө батлуулахаар хүргүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдад чиглэсэн тодорхой, бодитой ажлуудыг хэрэгжүүлнэ.      

Мөн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутагт томилогдсон болон алслагдсан сумдад ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийг орон байр, тээвэр холбооны болон орчин үеийн техник хэрэгслээр хангах, түүний гэр бүлийн гишүүнийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан хамтран ажиллах гэрээнд тусгуулж, хамтран ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчдын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ямар үр дүнтэй сургалтууд зохион байгуулагдаж байна вэ?

Хууль сахиулах салбарын бодлого, чиглэл, шинээр батлагдан гарсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, удирдах ажилтан, алба хаагчдын давтан болон ур чадварын сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө” гарган, хэрэгжүүлж байна.

 Энэ жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу 10 чиглэлийн 53 модуль /багц/-ын 91  удаагийн сургалтад 6578 алба хаагчийг хамруулахаар төлөвлөсөн. Төлөвлөсөн ажил явагдаж байна.

 

Цагдаагийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр ямар ахиц дэвшил гарч байгаа вэ?

Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь ОХУ, БНХАУ, БНТУ, БНСУ, АНУ,  Япон зэрэг 20 гаруй орны хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаатай. Жилд дунджаар 180 орчим алба хаагчийг дээрх улс орнуудад урт, богино хугацааны болон гадаад хэлний сургалт, хурал зөвлөгөөнд оролцуулж, харилцан айлчлал хийх, туршлага солилцох зэрэг хэлбэрээр хамтран ажиллаж байна.

 

Мөн 1991 онд Олон улсын цагдаагийн байгууллага болох “Интерпол”-д гишүүнээр элссэнээс хойш дэлхийн улс орнуудын адил чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаагийн зэрэгцээ 2006 оноос хойш Сьерра Леон, Чад, Баруун Сахар, Өмнөд Судан зэрэг улсад явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид оролцон үүрэг гүйцэтгэж байна.

Гадаад улс орнуудад алба хаагчдаа сургалтанд хамруулах, туршлага судлуулахад дутагдалтай буюу хүндрэлтэй нэг асуудал бидэнд тулгардаг нь гадаад хэлний шаардлага хангахуйц мэдлэгтэй алба хаагчдын тоо харьцангуй цөөхөн байна. Иймд энэ чиглэлээр тодорхой, далайцтай зохион байгуулалтын арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий. Гадагшаа явуулж буй алба хаагчдын хувьд аль болох чиг үүргийн албад, харьяа нэгж, нутаг дэвсгэрийн байгууллагуудаас нээлттэй санал хүсэлт авах, цаад газраас тавьсан шаардлагад нийцүүлж,сонгон шалгаруулах замаар шийдвэрлэж байгаа.

Бид зөвхөн гадаадад байгаа байгуулагуудтай харилцах бус Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч, харилцаа холбоотой ажилладаг.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болгож, бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэх, техник технологийг шинэчлэх, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх” гэж заасан. Цагдаагийн ерөнхий газарт өнгөрсөн онд Урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулж, гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр ажилуулж байна.

Мөн насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, тасаг, Хар тамхитай тэмцэх газрыг тус тус байгуулсан.

Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, үйл ажиллагааны  тэргүүлэх чиглэл нь урьдчилан сэргийлэх ажил юм. Гэмт хэрэг, зөрчлийг үйлдсэнийх нь дараа хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө зарцуулж илрүүлэх бус, урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь чухал.

Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтсон хэв загварт баригдахгүй, гэмт хэргийн нөхцөл байдалтай уялдуулан, цогц арга хэмжээг зөв, оновчтой хэрэгжүүлэх, олон нийтийг татан оролцуулах, иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгө, аюулгүй байдлаа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллахыг зорьж байна.

Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаандаа шинэ инноваци нэвтрүүлж, иргэдэд сурталчилж, жишиг болохуйц үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих, иргэдийг уриалах, тэдгээрийг болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх ажлыг тогтмол явуулна.

Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж анхаарал татдаг. Сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байна?                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Цагдаагийн байгууллага бол төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага. Тиймээс хуулийг дээдэлж, захирах, захирагдах ёсыг баримтлан, албандаа хүндэтгэлтэй хандаж, бие биедээ зарчимч шаардлага тавьж ажилладаг. Бид сахилга хариуцлагаа дээшлүүлж, үйл ажиллагаагаа байнга сайжруулж явах ёстой.

Алба хаагчдын сахилга ёс зүй, ажлын хариуцлага төдийлөн хангалттай сайн биш байна. Иргэд, олон нийтээс энэ талаар нилээдгүй шүүмжлэлтэй хандаж, алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны ёс зүйтэй холбоотой асуудлаар биеэрээ ирж болон бичгээр, утсаар, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гомдол, хүсэлтээ гаргаж ирүүлдэг, мөн илэрхийлдэг. Цагдаагийн ерөнхий газарт авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээлэл хүлээж авах 126 дугаарын утсыг ч 24 цагаар ажиллуулж байна.

Ирүүлсэн гомдол мэдээлэл бүрийг бид бүртгэл, хяналтандаа авч, дотоод хяналт шалгалтын нэгжээрээ шалгалт хийлгэн, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, шийдвэрлэдэг. Гомдол мэдээлэлд дурьдсан асуудал бодиттой, хууль тогтоомж, үйл ажиллагааны журам, дүрэм зөрчсөн нь тогтоогдсон тохиолдол нэг бүрт хариуцлага тооцож байна.

Энэ дашрамд нэг зүйлийг би зориуд хэлмээр санагдлаа. Түрүүн хэлсэнчлэн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд ямар нэгэн хууль тогтоомж зөрчигдсөн, хариуцлага, сахилга алдсан нь шалгалтаар тогтоогдсон бол тохирсон шийтгэл ногдуулж, түүний мөрөөр тодорхой ажил, арга хэмжээ авч, мэдээлэлийг бүрэлдэхүүнд хүргэдэг. Гэтэл сүүлийн хэдэн жил интернэт, сошиал орчинд аливаа нэг байгууллага, иргэний үйл ажиллагааны талаарх тодорхой бус эх сурвалжаас улбаатай таамаг төдий мэдээ, мэдээллийг ил, далд нэрээр өөр, өөрсдийн үзэл бодол, өнцгөөр, янз бүрийн ашиг сонирхолоор, дэндүү их чөлөөтэй илэрхийлэн түгээж, цаана нь байгаа хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, алдар хүнд, эрхэд ноцтой байдлаар халдах явдал хир хэмжээнээсээ хэтэрч байна уу даа гэж ажиглагддаг. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны  төдийгүй зарим гэмт хэргийн талаар нийтлэгдсэн, түгээгдсэн мэдээ, мэдээлэлүүдэд ч андуу ташаа зүйл нилээдгүй байдаг. Тэр хэмжээнд нь хүмүүс ойлгож хүлээж авна шүү дээ. Тиймээс бид аливаа мэдээ, мэдээлэлийг бодит байдлаар нь, хуульд заасан хэмжээ хязгаарт нь багтаан, аль болох шуурхай мэдээлэх, сурталчлах, хүргэх, ил тод байх зорилтыг дэвшүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгавар гаргасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын дарга нарт хэд хэдэн удаагийн үүрэг, ажлын чиглэл өгч, албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд “Сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагч хувийн зардлаар ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй” гэж заасны дагуу сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулах, давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын ёс зүй, харилцааны ур чадварыг хөгжүүлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах, үйл ажиллагаанд нь алдаа дутагдал давтан гаргуулахгүй байх, албаараа бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор ёс зүйн төлбөртэй сургалтын хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Хөтөлбөрийн дагуу цагдаагийн алба хаагчийн ёс зүйн төлөвшил, хандлагыг дээшлүүлэх буюу хувь хүний хөгжлийн чиглэлийн сургалт, албадын ажлын онцлог, ажил, мэргэжлийн үйл ажиллагаанд нь тохирсон мэргэжлийн ёс зүй, хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх сургалт гэсэн хоёр үндсэн чиглэлээр хичээл, сургалтыг зохион байгуулж байгаа.

 

                                                            

 

Мөн 1991 онд Олон улсын цагдаагийн байгууллага болох “Интерпол”-д гишүүнээр элссэнээс хойш дэлхийн улс орнуудын адил чиг үүрэгтэй мэргэжлийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаагийн зэрэгцээ 2006 оноос хойш Сьерра Леон, Чад, Баруун Сахар, Өмнөд Судан зэрэг улсад явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай энхийг дэмжих болон олон улсын цэргийн бусад ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид оролцон үүрэг гүйцэтгэж байна.

Гадаад улс орнуудад алба хаагчдаа сургалтанд хамруулах, туршлага судлуулахад дутагдалтай буюу хүндрэлтэй нэг асуудал бидэнд тулгардаг нь гадаад хэлний шаардлага хангахуйц мэдлэгтэй алба хаагчдын тоо харьцангуй цөөхөн байна. Иймд энэ чиглэлээр тодорхой, далайцтай зохион байгуулалтын арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий. Гадагшаа явуулж буй алба хаагчдын хувьд аль болох чиг үүргийн албад, харьяа нэгж, нутаг дэвсгэрийн байгууллагуудаас нээлттэй санал хүсэлт авах, цаад газраас тавьсан шаардлагад нийцүүлж,сонгон шалгаруулах замаар шийдвэрлэж байгаа.

Бид зөвхөн гадаадад байгаа байгуулагуудтай харилцах бус Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч, харилцаа холбоотой ажилладаг.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна